Tuesday, May 11, 2010

Мотоцикл

“Бээжин-2008” олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан спортын нэгэн төрөл бол ВМХ...
Олон улсад “extreme” төрөл нь илүү хөгжсөн ч олимпод бартаат замын уралдаан нь багтжээ. Ингээд олимпийн хамгийн отгон гишүүн BMX-ийг танилцуулъя. 2003 оны зургадугаар сарын 29-нд ОУОХ-ноос уг спортыг олимпийн хөтөлбөрт оруулсан юм......



Үүсэл, хөгжил
Өнгөрсөн зууны сүүлчийн хагас эхлэх үед АНУ-д мотоциклийн бартаат замын уралдаан ид дэлгэрч байв. Тэр үеийн хүүхэд залуучууд сагс, хөлбөмбөг гэхээсээ мотоциклчдын огцом, өндөр харайлт, агаар дахь үзүүлбэрийн тухай ярилцаж, өөрсдөө дугуйгаар дууриахыг оролддог байсан аж. Чухам үүнээс өдгөөгийн ВМХ үүссэн байна. 1960-аад оны эхээр Калифорнид жижиг дугуйтай, урт, цул их бие бүхий унадаг дугуйгаар мото кроссын богиносгосон зам дээр уралдаж зугаацах явдал түгээмэл болсон нь ВМХ-ийн спорт хэлбэрээр хөгжих суурь тавигдсан хэрэг байлаа.

ВМХ нь “bycicle motocross” гэсэн үгийн дуудлагыг товчилсон хэлбэр юм. Өдгөө Олон улсын дугуйн холбоонд бүртгэлтэй 60 мянга гаруй тамирчин байдаг гэх агаад тэмцээн, уралдаанд оролцохгүй ч чөлөөт цагаа өнгөрүүлж байнга хичээллэгч нэг саяыг хол давсан гэх тооцоо байдаг ажээ.

Олон улсын холбоо

Үүссэн даруйдаа эрчтэй хөгжсөн ВМХ-ийн төрлөөр 1970 онд анхны холбоо АНУ-д байгуулагдсан. 1978 оноос баруун Европын орнуудад үндэсний холбоод сууриа тавьж, тус спорт олон улсын шинж чанартай болсон үед 1981 онд Олон улсын ВМХ-ийн холбоо (International BMX Federation) байгуулагдав. Энэ үед уг спорт нь мотоциклийн нэг төрөл гэсэн томъёололтой байжээ. Хожим 1993 онд Олон улсын дугуйн холбоо (UCI)-ны нэг салбар нь болон нэгдсэн байна.
ВМХ нь өдгөө АНУ, Австрали болон баруун Европ, Өмнөд Америкт өндөр түвшинд хөгжжээ. UCI-ийн гишүүн орнуудаас 75 холбоо нь ВМХ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 40 гаруй орноос олон улсын тэмцээнд тамирчнаа оролцуулдаг ажээ. 2003 онд Австралид болсон ДАШТ-д 32 орны 1600 орчим тамирчин оролцсон нь дээд амжилт юм.

Гол тэмцээнүүд
Олон улсын ВМХ-ийн холбоо байгуулагдсаны дараах жил буюу 1982 оноос жил бүр ДАШТ зохиогдож ирэв. Мөн “UCI BMX Super Cross” хэмээн нэрлэгдсэн таван гараанаас бүрдэх Дэлхийн цомын цувралтай. Одоогоор жилд олон улсын 70 гаруй арга хэмжээ болдог ба үүний 40-д нь чансааны оноо олгодог байна. Жил бүрийн эцэст чансааг тэргүүлсэн дугуйчинд UCI-гаас 30 мянган швейцар франк хүртээдэг ажээ. Энэ сарын 31-нээс зургадугаар сарын 1-нд БНХАУ-ын Тайюань хотод ДАШТ болно.

Төрөл
ВМХ-д таваас дээш бүх насныхныг хамарсан ангилал байдаг. Олимпийн буюу “Elite” төрөлд 19-өөс дээш насны тамирчид оролцох эрхтэй ба тэд 20-24 инчийн рам бүхий дугуйгаар уралдана. Техникт нарийн заалт, журам байхгүй ч дуулга, өвдөг,  тохойны хамгаалалт, шагай, бугуй хүртэл далдлах ханцуй, шуумагтай цамц, өмд, бээлийтэй байхыг шаарддаг байна.

Замын хувьд огцом эргэлт, өндөр нам саад, харайлттай 300-450 м урт тойрог замыг бэлтгэдэг ажээ. Нэг гараанд найман хүн уралдаж, эхний дөрөв нь дараагийн шатанд шалгарах зарчмаар тэмцээн явагдана.

“Бээжин-2008” олимпийн наадамд UCI-гийн рейтингээр 24 эр, 12 эм, ДАШТ-ээс зургаан эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин шалгарч оролцох ба хоёр эрэгтэй, нэг эмэгтэйд цагаан хуудас олгох аж.

No comments:

Post a Comment