Tuesday, May 11, 2010

"Хувцас бурхан бие чөтгөр"..

"Хувцас бурхан бие чөтгөр" гэж Монголчууд ярьдаг. Тэгээд ч өнөөгийн нийгэмд "Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг" гэсэн үг биелэлээ олсоор удаж байгаа билээ......
Гэхдээ бизнесмен юм уу, улстөрчид сонгодог костюм, үдээтэй хар гутал өмсч, хурц биш өнгийн зангиа зүүх нь хэвшмэл болсон. Хэрэв та тэдэн шиг хувцаслаж чадвал хүмүүс таныг тэдэнтэй адилтгаж, таны үгийг дагах болно. Ер нь нийгэмд амжилттай ажиллаж хөдөлмөрлөж улмаар баяжих дэвжихийн тулд юуны өмнө зөв хувцаслах хэрэгтэй болдог байна. Тэгвэл эрхэлж буй ажил мэргэжлээс чинь хамааран гурван төрлийн хувцаслалт байдгийг бид танд сонирхуулья. Хуучинсаг хэв загвар Энэхүү хэв загварын хувцас нь хуульч, банкир,төрийн албан хаагчдын хувьд хэзээ ч хуучирдаггүй байна. Тэгэхдээ эдгээр салбарын эрчүүдийн хувьд сонгодог костюмыг цамцныхаа өнгөтэй хослуулан өмсөх хэрэгтэй. Мөн сайн чанарын механик цаг, хуримын бөгжөөс өөр элдэв дээдийн зүйл зүүх хэрэггүй гэдгийг санаарай. Харин эмэгтэйчүүдийн хувьд нүүрэндээ маш хөнгөн будалт хийх хэрэгтэй. Хувцаслалтын тухайд гэвэл, намхан юм уу, дунд зэргийн өсгийтэй гутал, өвдөгний орчим урттай банзал зэрэг ажил хэрэгч харагдуулахуйц хувцсыг илүүтэй сонгох хэрэгтэй. Тэгээд ч мини банзал өмсч, хэтэрхий тод будалт хийсэн хуульчид хүмүүсийн итгэх итгэл төдийлөн сайнгүй байдаг гэнэ. Харин чимэг зүүлтийн хувьд сонгодог хэлбэриин ээмэг, зүүлт сонговол зүгээр. Харилцааны хэв загвар Энэ хэв загварт багтдаг хувцсыг олон хүмүүстэй харилцдаг компанийнхан болон худалдааны салбарынхан сонгох нь илүү тохиромтой аж.


Уг загварт аль болох үнэтэй тансаг материалаар хийсэн сонгодог загварын хамгийн их олны дунд дэлгэрсэн костюм, эсвэл гоёмсог цамц, хантааз багтдаг байна. Гэхдээ цамц болон костюмны өнгө заавал хосгүй албагүй, чөлөөтэй байж болдог. Эрчүүдийн хувьд заавал бүрэн хослуулах гэлтгүй жинсэн өмдөн дээр пиджак өмсч болно. Харин эмэгтэйчүүдийн хувьд тансаг хийцтэй өмдтэй костюм өмсч болно. Нүүр будалтын хувьд мөн л хөнгөн будалт хийх хэрэгтэй гэнэ. Уран бүтээлч загвар Энэ хэв загварт хамаарагдах хувцсуудыг загварын ертөнц, дизайнерууд, рекламны ажилтнууд, гоо сайхан, бизнесийхэн тэр дундаа шоу бизнесийнхэн хамгийн ихээр сонгож өмсдөг байна. Тэгээд ч энэ нь тэдний ажил мэргэжилд илүүтэй зохицдог аж. Энд хачин чамин хийцтэй ноосон цамц, хантааз багтана. Гэхдээ эрэгтэйчүүд заавал зангиа зүүх хэрэггүй. Эмэгтэйчүүдийн хувьд сонгодог загвартай өмд өмсч болно. Харин нүүр будалтын хувьд ч чөлөөтэй, өөрт таалагдсан байдлаар будаж болох нь. Ташрамд сонирхуулахад, хүний хувцаслалтаас хамааран цалин нь өөр өөр байдаг. Тэр дундаа зөв сайхан хувцасладаг хүмүүсийн цалин буруу хувцасладаг хүнийхээс 20 орчим хувь өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

No comments:

Post a Comment